Бямбацогт

Сандаг Бямбацогт

Монгол ардын нам

”Бохир мөнгөө хэн нэгний нэрээр оффшорт хадгалуулах боломжгүй”

“Сайдын цаг” буланд Мэргэжлийн Засгийн газрын шинэ сайд нарыг урьж, салбартаа баримтлах бодлого, гаргах шийдвэр, шинэчлэл, ажиллах арга барилын талаар ярилцаж байгаа. Энэ удаад бид Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтыг урьж, улс төр, нийгмийн хүрээнд хамгийн их анхаарал татаж буй Оффшортой холбоотой асуудлыг хөндөж ярилцлаа.

-Оффшортой холбоотой асуудлыг зохицуулахын тулд Сонирхлын зөрчлийг зохицуулах түхай хуульд өөрчлөлт оруулахаар болж байна. Төслийн үзэл баримтлалыг тодруулахгуй юу?

-Сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд төрийн албан хаагчдыг оффшор бүсэд буюу гадаад улсын нутаг дэвсгэрт бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувьцаа, банкны данс эзэмшсэн тохиолдолд авлига, албан тушаалын хэрэгт холбогдож байна гэх хардлага эрс нэмэгдсэн. Энэ нь эргээд төрд итгэх иргэдийн итгэл буурахад нөлөөлж байгаа.

Хууль зүйн талаасаа яг одоо ямар байна вэ гэхээр төрийн алба хаагчид хөрөнгө, орлогын мэдүүлэгт өөрийн банкин дахь аливаа дансны талаар мэдээлэх үүрэг хүлээлгэсэн боловч оффшор бүсэд данс эзэмшихийг хориглосон зүйл, заалт ерөөсөө байдаггүй. Хуулиар хориглосон зүйл заалт алга байна аа гээд яваад байхаар нийгэмд оффшортой холбоотой элдэв хардлага сэрдлэг, үл ойлголцол улам даамжрах шинжтэй. Тэгэхээр үүний зааг ялгааг тогтоож, юу нь болох, юу нь болохгүйг хуулиар нэг мөр ойлгомжтой болгох нь зүйтэй гэж үзэж байгаа юм.

Авлигатай тууштай тэмцэж амжилт олсон гадны улс орнуудын тухайд ч ийм туршлага байна. Тухайлбал, хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөөгүй болон худал мэдүүлэг өгсөн албан тушаалтанд хүлээлгэх хариуцлага нь чанга байдаг. Зарим оронд бүр хөрөнгө, орлогын мэдүүлгээ буруу мэдүүлсэн тохиолдолд эрүүгийн ял, шийтгэл оногдуулдаг практик ч байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ч авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг чангатгах, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох чиглэлээр тодорхой зорилт туссан. Энэ үндсэн дээр нийтийн албан хаагчид оффшор бүсэд данс эзэмших, компани байгуулахыг хориглох зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлээд байгаа юм.

-Төрийн өндөр албан тушаалтнууд, төрийн албан хаагчдын гэр бүлийнхэн оффшор бүсэд данс нээлгэж, мөнгө байршуулж, компани байгуулсан бол яах вэ. Энэ асуудлыг дээрх хуулиар зохицуулсан уу. Улстөрчид иймэрхүү зуйлийг ихэнхдээ эхнэр, хүүхэд эсвэл төрсөн ах, дүүгийнхээ нэрээр зохицуулдаг гэх хардлага бий ?

-Хуулийн төсөл боловсруулах явцад яг энэ асуудал хөндөгдсөн. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд заасны дагуу аливаа хуулийн төсөлд тавигдах хамгийн эхний суурь шаардлага бол Үндсэн хуульд нийцсэн, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний заалттай нягт уялдсан байх явдал.

Төрийн албан хаагчдын гэр бүлийн гишүүдийнх нь Үндсэн хууль, Хүний эрхийн конвенциор хамгаалагдсан үндсэн эрхийг хязгаарлах боломж Үндсэн хуулиар хаалттай байгаа юм. Харин тухайн албан хаагч гэр бүлийн гишүүдийнхээ нэрийг ашиглан оффшор бүсэд данс эзэмшсэн, компани байгуулсан асуудлын цаана ямарваа нэг гэмт хэрэг, зөрчлийн шинж агуулагдаж байвал холбогдох хуульд заасны дагуу Эрүүгийн хууль, бусад хуулиар хариуцлага тооцох бүрэн боломж нээлттэй байгаа. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө нэрийг хаацайлж, өрөөлийн нэр дээр хулгайгаа нуух боломж хуулиар байхгүй гэсэн үг.

1990-2015 оны хооронд Монгол улсад гадаадын орнуудаас нийт 14.2 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсны 75 хувь буюу 10.8 тэрбум нь оффшор бүсийн улс орнуудаас орж ирсэн гэсэн судалгаа бий. Одоо ч манай улсад хууль ёсоор бүртгэгдэн татвараа төлөөд үйл ажиллагаагаа явуулж байгаа оффшор бүсийн хөрөнгө оруулалттай 900 гаруй хуулийн этгээд байж л байна. Тэдгээрийг бид хууль ёсных шүү гэдгийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, оффшорт бүртгэлтэй хуулийн этгээдийн хувьцаа эзэмших бол хууль ёсны зүйлээ гэдгийг тодорхой болгож байгаа юм.

-Хэрвээ гэр бүлийнх нь хүмүүст оффшор бүсэд үйл ажиллагаа эрхлэхийг нь зөвшөөрсөн бол энэ хуулийг батлахын хэрэг байна уу?

-Дээр хэлсэнчлэн, гэр бүлийн гишүүдээрээ дамжуулан дээрх хориглолтыг зөрчсөн тохиолдолд бид Эрүүгийн хууль, бусад хуулиар хариуцлага тооцох бүрэн боломж байгаа юм. Түүнээс биш төрд аав ээж нь ч юм уу, ах дүү нь ч юм уу хэн нэгэн нь ажиллаж байгаагаас болж бусдынх нь Үндсэн хуульд заасан хууль ёсны үндсэн эрхийг нь шууд хязгаарлаж болохгүй биз дээ. Харин хэрвээ чи төрд ажиллах гэж байгаа бол, хөрөнгө орлогоо мэдүүлдэг албан тушаал дээр очвол оффшор бүсэд данс эзэмшиж, компани байгуулж болохгүй гэдгийг л хуулиар тов тодорхой тогтоож өгч байгаа юм.

Мөн дахиад хэлэхэд авлигаар олсон мөнгөө, албан тушаалаа урвуулан ашиглаж олсон бохир мөнгөө гэр бүлийнхээ хэн нэгний нэр дээр нууж байгаад хуулийн хараа хяналтаас мултарна гэж бодож байгаа бол том эндүүрэл гэдгийг шуудхан хэлчихье. Мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, авлига авсан гэмт үйлдлүүдийг илрүүлэн тогтоох, хатуу чанд хариуцлага тооцох хуулийн зохицуулалт нь Эрүүгийн хууль тогтоомжоор байгаа гэдгийг хэлэх байна.

-Оффшор бүсэд Монголын хэдий хэрийн хөрөнгө байршдаг бол?

-Энэ талаар яг албан ёсны мэдээлэл байхгүй. Гэхдээ 1990-2015 оны хооронд Монгол улсад гадаадын орнуудаас нийт 14.2 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсны 75 хувь буюу 10.8 тэрбум нь оффшор бүсийн улс орнуудаас орж ирсэн гэсэн судалгаа бий. Одоо ч манай улсад хууль ёсоор бүртгэгдэн татвараа төлөөд үйл ажиллагаагаа явуулж байгаа оффшор бүсийн хөрөнгө оруулалттай 900 гаруй хуулийн этгээд байж л байна. Тэдгээрийг бид хууль ёсных шүү гэдгийг хэлж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, оффшорт бүртгэлтэй хуулийн этгээдийн хувьцаа эзэмших бол хууль ёсны зүйлээ гэдгийг тодорхой болгож байгаа юм. Оффшор гэхээр л “хадны мангаа” харсан юм шиг хашгирдаг, оффшортой холбож улс төрийн өрсөлдөгчөө харлуулан хэлмэгдүүлдэг явдлыг таслан зогсоох цаг болсон. Нэг ёсондоо хууль ёсны эрүүл “оффшор”, хулгай дээрмийн хуудуутай “оффшор” хоёрыг ялгаж салгах цаг нь болжээ гэдэг үүднээс л энэ хуулийг боловсруулсан хэрэг.

-Цэвэр бизнес эрхэлж байгаа хүмүүсийн оффшор бүсэд ажиллах эрхэд халдах ёсгүй л байх. Гэхдээ улстөр, бизнес хоёр нь хүзүү сээрээрээ холбогдсон нөхцөлд тодорхой хаалт тавьж, хязгаарласан зохицуулалтыг хийхгүйгээр төрийн өндөр дээд албан тушаалтнууд нь бизнесийнхнээр дамжуулж ажиллаад байвал яах вэ. Хуульд энэ асүудлыг зохицуулсан заалт бий юу?

-Бизнес эрхэлж байгаа тохиолдолд оффшор бүсэд данс эзэмших, компани байгуулах нь хууль ёсны асуудал. Энэ эрхийг хуулиар хязгаарлах боломжгүй. Харин бизнес эрхлэгч нийтийн алба хаах болсон тохиолдолд дээрх хуулийн төсөлд заасан хориглосон хязгаарлалтыг дагаж мөрдөх ёстой. Үүнтэй холбогдуулан хуулийн төсөлд “...тухайн этгээд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс эзэмшдэг, компани байгуулсан бол энэ тухай урьдчилан мэдээлэх ба томилогдсон, эсхүл сонгогдсон өдрөөс хойш 3 сарын дотор бусдад шилжүүлэх, зарж борлуулах зэргээр зохих арга хэмжээ авч, энэ талаар 30 хоногийн дотор холбогдох байгууллагад мэдүүлэх...”-ээр тусгасан. Өөрөөр хэлбэл, энэ бол тухайн хүний сонголтын асуудал. Хэрвээ та нийтийн албанд ажиллая гэвэл нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс энэ хязгаарлалтыг дагаж мөрдөх ёстой л гэсэн үг. Харин ч энэ хууль гарснаар таны яриад байгаа бизнесийнхэн төр лүү зүтгэх, улс төртэй холбогдох сонирхол буурч мэдэх юм.

-Төрийн өндөр дээд албан тушаалтнууд оффшор бүсэд аж ахуй эрхэлж байвал ямар хариуцлага хүлээх вэ. Данс нээлгэх, хувьцаа эзэмших энэ бүхэнд хүлээлгэх санкц нь өөр үү, эсвэл нэг үү?

-Адилхан. Оффшор бүсэд эзэмшдэг данс, компаниас татгалзах, эсхүл нийтийн алба хашихаас татгалзах ёстой. Хэрэв энэ талаар мэдээлээгүй тохиолдолд нийтийн албанаас халж, тухайн үйлдэл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй бол холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Тухайлбал, мөнгө угаах, эсхүл авлига албан тушаалын хэрэгтэй холбоотой бол Эрүүгийн хуульд заасан ял оногдуулна. Энэ хууль батлагдсанаар мөнгө угаах, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос хамгаалах асуудлыг зохицуулах хууль, эрх зүйн орчинд том дэвшил болно гэдэгт итгэж байна.

-Хууль батлагдвал хэзээнээс мөрдөх вэ?

-Хуулийн төслийг УИХ-аас баталсан тохиолдолд ердийн журмаар дагаж мөрдөх боломжтой, эсхүл хууль тогтоох байгууллага дагаж мөрдөх хугацааг тогтоох эрхтэй.

Оффшорын тухай хуультай болох бодлого зорилт УИХ-ын сонгуулийн үеэр ч, орон нутгийн сонгуулийн тухайд ч манай намын гол амлалтын нэг байсан. Төр дээрээсээ эхэлж хариуцлагатай болж гэмээнэ эрх зүйт төр төлөвшинө гэж би үздэг. Тийм болохоор оффшорын тухай хууль ойрын үед батлагдана гэдэгт, гишүүд маань олон түмнийхээ талд байна гэдэгт бүрэн итгэж байна.

-Өнгөрөгч долоо хоногт эл хуулийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх байсан ч ажлын хэсэг байгуулах ёстой гэж үзээд хойшлуулсан. Хойшлуулсан шалтгааныг улс төрийн хурээнийхэн энэ хуулийг батлах сонирхолгүй гишүүд нь УИХ-д голлож байгаа юм биш биз гэж хардаад эхэллээ?

-Би тэгж бодохгүй байна. Харин ч энэ хуулийг батлагдаасай гэсэн хүлээлт нийгэмд ч, УИХ-ын түвшинд ч их байгаа. Тэгээд ч энэ 7 хоногт байнгын хороо, нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад энэ асуудал багтсан байгаа. Хууль зүйн байнгын хорооны тухайд хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээс өмнө чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Хуулийн төслийн талаар ойлголтын зөрүүгээ арилгах, нэг мөр болгох гэсэн л хэрэг болохоос биш энэ хуулийг гаргахаас цааргалж байгаа явдал огт биш гэж бодож байна.

Оффшорын тухай хуультай болох бодлого зорилт УИХ-ын сонгуулийн үеэр ч, орон нутгийн сонгуулийн тухайд ч манай намын гол амлалтын нэг байсан. Төр дээрээсээ эхэлж хариуцлагатай болж гэмээнэ эрх зүйт төр төлөвшинө гэж би үздэг. Тийм болохоор оффшорын тухай хууль ойрын үед батлагдана гэдэгт, гишүүд маань олон түмнийхээ талд байна гэдэгт бүрэн итгэж байна.

-Хэрвээ УИХ-ын түвшинд хуулийн төслийг дэмжихгүй янз бүрийн шалтгаан гаргаж ирээд байвал Засгиин гаэар энэ төслөө батлуулах боломжгүй болно. Энэ тохиолдолд яах вэ?

-Энэ хуулийг батлахгүй байх шалтгаан би л лав олж харахгүй байна. Хоосон шалтаг тоочоод хойшлуулаад байвал түмний итгэлийг хүлээж сонгогдсон бид л өөрсдөө муухай харагдана. Түүний оронд засч сайжруулаад гайгүй чамбай сайн хуультай болоод авах нь төрийн хэрэгт тустай гэж бодож сууна. Болж бүтэх, болгоож бүтээх талаас нь түшээд маань харж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.